Сүүлийн үеийн залуусын хувьд өөртөө заавал ч үгүй хэвшүүлэх чадваруудын нэгт нээлттэй сэтгэлгээний ур чадвар багтах болжээ. Тэгвэл нээлттэй сэтгэнэ гэдэг нь чухам юу болох, үүнийг хэрхэн хэвшүүлэх талаар зөвлөгөөг доорх нийтлэлээрээ хүргэж байна.

Нээлттэй сэтгэлгээ гэдэг нь өөрийн тань үзэл бодолд нийцэхгүй байгаа шинэ санаа, мэдээлэл, шүүмжлэл зэргийг хүлээн авахдаа үгүйсгэж эсэргүүцэхгүйгээр эргэцүүлэн тунгаах чадвар юм. Эс бөгөөс асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг олж харах, цаашлаад шийдвэрийг үр дүнтэй гаргах боломжгүй. Өөрийн туйлширсан ертөнцийн тав тухтай бүсээс гарч, өөр өөр үзэл бодол, санааг харгалзан үзэх энэхүү чадвар орчин үед хамгийн чухал чадваруудын эгнээнд зүй ёсоор багтах болжээ.

Шинэ санаа, шүүмжлэл зэрэгт нээлттэйгээр хандах нь зарим тохиолдолд одоо буй итгэл үнэмшилтэй тань зөрчилдөж шинэ зүйлсийг сурч мэдэхэд танин мэдэхүйн төөрөгдөл үүсгэж болох юм. Гэсэн хэдий ч хоцрогдсон эсвэл буруу итгэл үнэмшлийг өөрчлөхийг оролдох нь ямарваа нэгэн зүйлийг сурах, мөн хувь хүний өсөлт хөгжлийн маш чухал хэсэг аж.

Нээлттэй сэтгэлгээг өөрт хэвшүүлэхийн тулд та юунд түрүүнд бусдыг шүүмжлэхээ хойш тавьж, оронд нь тэдний санаа бодлыг бодолцож үзэхээс гадна өөрийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх ч бэлтгэлтэй байх ёстой гэнэ. Заримдаа энэ үйл явц их ойлгомжгүй, хэцүү, эсвэл амьдралыг тань мэдэгдэхүйц хэмжээнд өөрчлөхүйц гайхалтай мэдрэгдэж ч болох юм.

Ингээд нээлттэй сэтгэлгээг өөрт бий болгож, хадгалж явахад тань туслах үндсэн гурван зарчмыг нэрлэе.

1. АСУУЛТ АСУУХ

Ихэнх хүмүүс өөрийн мэдрэмжид итгэх дуртай байдаг. Өөртөө үнэнч байж, өөрийн сонголтдоо бат зогсох нь олон талаараа давуу талтай ч хэт шийдэмгий байх нь зөрүүд, хаалттай байдлын нэг хэлбэр байж болохыг санаарай.

Бид алхам тутамдаа ямарваа нэг зүйлийн учир шалтгааныг сониучирхаж, өөрсдөөсөө асуулт асууж байдаг. Нээлттэй сэтгэлгээг хэвшүүлэхийн тулд та зөвхөн бусдаас ч гэлтгүй өөрөөсөө ч мөн асуулт асуух чадвартай байх шаардлагатай гэнэ. Ингээд ямарваа нэг шинэ мэдээлэл, санаатай нүүрэлдэх үедээ дараах үндсэн асуултуудыг өөрөөсөө асууж хэвшээрэй.

● Би энэхүү сэдвийн талаар хэдий хэмжээний мэдлэгтэй вэ?

● Энэхүү эх сурвалж хэр найдвартай вэ?

● Би бусдын үзэл санааг хэр нээлттэй хүлээн авсан бэ?

● Миний үзэл санаанд нөлөөлж болохуйц, нэг талыг баримталсан зүйл бий юу?

2. ЦАГ ХУГАЦАА ӨГӨХ

Бид заримдаа, за бүр ихэнх тохиолдолд өөрийн баримталдгаас өөр үзэл санааг сонсож, бодолцож үзэхийн оронд тэрхүү санааг шуудхан л буруу хэмээн нотлохыг оролддог. Аливаа зүйлд оюун бодлоор бус сэтгэл хөдлөлөөр хандах нь харьцангуй амар учир “Санал зөрж байна”, “Сонссон зүйл минь таалагдахгүй байна” гээд хэлчихдэг.

Нөгөө хүндээ ийм төрлийн хариуг шуудхан өгснөөр бусадтай зөвшилцөлд хүрэхгүй байх, буруу шийдвэр гаргах зэрэг эрсдэлтэй. Учир нь та тухайн асуудлыг бүх талаас нь бодолцож үзээгүй шүү дээ. Тэгвэл ийм алдаа гаргахгүйн тулд өөртөө бусдын үзэл бодлыг тунгаах хугацаа өгөх хэрэгтэй юм.

Ингээд та ямарваа нэгэн шинэ үзэл санааг хүлээн авсны дараа хариу үйлдэл үзүүлэхийн өмнө дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай.

● Та шийдвэрээ гаргахдаа олон эх сурвалжууд дээр үндэслэсэн үү?

● Шийдвэрээ бусдад танилцуулахын өмнө дахин нэг удаа эргэн харахыг хүсэж байна уу?

● Нотлох баримтууд хангалтгүй байсан ч өөрийн үзэл бодлыг хамгаалахыг хүсэж байна уу?

3. ДАРУУ БАЙХ ДАСГАЛ ХИЙХ

Хачирхалтай сонсогдож магадгүй ч та ямарваа нэг сэдэв, салбарт мэргэшсэн нэгэн байсан ч төгс зүйл байдаггүй гэдгийг бүү мартаарай. Тухайлбал, хүн өөрийгөө ямар нэг зүйлийн талаар хангалттай хэмжээний мэдлэгтэй гэж итгэдэг байх нь шинэ үзэл бодол, санаа гаргах хүсэл эрмэлзлийг бууруулах хамгийн том хүчин зүйл болдог байна.

Өөртөө ханасан энэ мэдрэмж таныг тухайн сэдэв, салбарын талаар цааш үргэлжлүүлэн суралцах боломжийг хязгаарлаад зогсохгүй танин мэдэхүйн хэт хэвийн байдалд оруулах эрсдэлтэй. Энэхүү байдал нь өөрийн мэдлэгээ хэт өндөрт үнэлж, шинийг сурах эрмэлзэлгүй болгож, сэтгэлгээг хаалттай болоход хүргэдэг байна. Гэтэл нээлттэй сэтгэлгээтэй, “жинхэнэ” мэргэжилтнүүд бол өөрт буй мэдлэгт даруу хандах хандлагатай байдаг бөгөөд суралцах зүйл ямагт бий гэдэгт итгэдэг аж.

“Таны уулзах хүн бүр таны мэдэхгүй зүйлийг мэддэг”

Эх сурвалж: Very Well Mind

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *