Орчин үед технологийн салбарт ажилладаг байхаас үл хамааран хүн бүрийг компьютерын програмууд дээр ажиллах тодорхой хэмжээний чадвартай, кодинг буюу код бичих суурь мэдлэгтэй байхыг шаарддаг болсон. Тэр бүү хэл 7 настай хүүхэд програмчлалын хэл судалж, компьютерыг загварчилдаг болсон шүү дээ. Ингээд код бичиж сурахын давуу талуудыг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна.

Хүүхдүүд яаж код бичих юм бэ гэж та асууж магадгүй. Код бичнэ гэдэг маш хэцүү зүйл юм шиг ч санагдаж байгаа байх. Гэхдээ хүүхдэд зориулсан програмчлалын тусгай хэл, цогц програмууд гэж бий. Scratch, Tynker гэх мэт програмчлалын хэлийг ашиглан маш сонирхолтой, амархан аргаар код бичиж сурах боломжтой байдаг. Код бичиж сурах нь дараах үндсэн дөрвөн давуу талтай.

1. АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАР

Software engineer буюу компьютерын програм хөгжүүлэгч нарын гол ажил бол асуудлыг шийдвэрлэх. Аливаа төвөгтэй нөхцөл байдалд бүтээлч шийдэл гаргаж, шинэлэг гарц эрэлхийлэн түүнийгээ бүтээх нь тэдний гол ажил юм. Код бичих нь хүүхдэд асуудлыг олон жижиг хэсэгт хуваан олон талаас нь харж, бүтээлч, логикийн хувьд алдаагүй шийдэл олох чадварт сургадаг. Энэ нь дан код гэлтгүй амьдралын олон асуудалд хэрэг болдог ур чадвар юм. Тиймдээ ч үүнийг Дэлхийн эдийн засгийн форумаас хамгийн эрэлттэй ур чадвар хэмээн нэрлэсэн байдаг.

2. БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

Кодинг нь хүүхдэд төрөл бүрийн зүйл туршиж үзэх боломж олгож, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Хүүхдийн бичсэн код нь сонирхолтой, үр дүн нь хурдан гардаг учраас үүндээ урамшиж, улам ихийг бүтээх, туурвих хүсэлтэй болдог. Ялангуяа сүүлийн үед блок суурьтай, зөвхөн хүүхдэд зориулсан програмчлалын хэлүүд үүсэж байгаа нь амархан аргаар тоглоом бүтээх, анимейшны код бичих боломжийг бий болгосон.

3. ТЭСВЭР ХАТУУЖИЛ

Компьютерын шинжлэх ухааныг сайн ойлгож, код сайн бичдэг болохын тулд олон цагийн хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардлагатай. Яагаад гэвэл код бичих явцад гарсан алдаа бүрийг олж, арилгаж байж бичсэн код маань ажиллана. Энэ нь хүүхдийг тэсвэр, хатуужилд сургаж байгаа үйл явц юм. Харин бүх алдаагаа олж, програмаа бүрэн ажиллуулах үед хүүхдэд асар их урам зориг, сурах эрмэлзэл төрдөг.

4. ЛОГИК СЭТГЭЛГЭЭ

Код бичих нь асуудлыг олон жижиг хэсгүүдэд хуваах, асуудлаа шийдвэрлэхийн тулд олон өнцгөөс нь харах, хийсвэрлэн сэтгэх, бүтээлч шийдлийг эрэлхийлэх зэрэг өдөр тутмын амьдралд маань дутагддаг оюунлаг сорилтуудаар дүүрэн байдаг. Мөн математикийн хичээлийн хэрэглээг илүү өргөн хүрээнд таниулж, логик ур чадваруудыг хөгжүүлдэг тул байгалийн шинжлэх ухааны хичээлд дургүй хүүхэд ч үр дүнтэй, сонирхолтой аргаар суралцдаг.

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *