Энэтхэгийн их сургуулийн хоёрдахь удаагийн захирлын нэрэмжит МИНИЙ ЗОРИЛГО-МИНИЙ АМЬДРАЛД ТЭТГЭЛЭГТ УРАЛДААНы дүн гарч ялагчидаа тодрууллаа. Тодруулбал, уламжлал болгон зохион байгуулдаг тус уралдаанд энэ удаад 100 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг гурван эссэ шалгарчээ. Уншигч авхай танд Г.ЖАМЬЯНСАН-ийн зорилго түүний хүсэл мөрөөдөл тэмүүлэлийг харуулсан эссэг хүргэж байна.

“Миний зорилго-миний амьдралд”

Итгэл дүүрэн тэмүүлэх хүсэл мөрөөдөл

  Их амжилтанд хүргэх жигүүр минь байж

   Ирээдүйгээ гэрэлтүүлэх мэдлэг боловсрол

           Ирмүүн зорилгын минь эхлэл болон гялалзана.

Зүүний үзүүрт будаа тогтоох адил зүйрлэшгүй их хувь заяагаар хүн болж төрсөн учир өргөн дэлхийд мэндэлснийхээ утгыг хайж, сайн сайхан амьдралын төлөө би зорилго тэмүүлэл дүүрэн урагшилж байна. Миний ирээдүй миний зорилгоос эхэлдэг.                                                 

Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу техник технологийн эрин зуун хаалгыг минь тогшиж хаа нэгтээ орхигдсон хүслийг минь зорилго болгон ноцоолоо. Энэ зуунд оршин буй хүн төрөлхтөний амьдралын хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол асар хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад байгалиас заяагдмал орчин нөхцөл бус харин хүн төрөлхтөний өөрсдийн бий болгосон мэдээллийн технологийн орчинд дасан зохицох, уг орчинд ажиллах, давуу талыг нь ашиглах, шинэ санаагаа бүтээл болгох цаашлаад энэхүү шинэ технологийг хөгжүүлэх нь хамгийн эрэлттэй, хамгийн чухал чадварт тооцогдох боллоо. Эдгээр чадварыг бүрэнтээ агуулах программ хангамжийн мэргэжил нь хорин нэгдүгээр зууны нэн хэрэгцээт мэргэшил болж байгаа төдийгүй энэ нь миний сонирхол, эзэмшихийг хүсч буй ур чадвартай нийцэж байна.

Техник технологийн хөгжлийн түвшин, чадварлаг инженерүүд, боловсон хүчнээрээ мэдээллийн технологийн салбарыг өнгөлж яваа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын чанартай боловсролыг эх орондоо, богино хугацаанд, онол практикийг хослуулан, Энэтхэг, Монгол мэргэжлийн багш нараар заалган, анхан шатнаас нь эхлэн гүнзгий шат хүртэлх цогц мэдлэгийг олж авах томоохон боломж олдож буйг ашиглан программ хангамжаар суралцах нь миний хувьд ирээдүйдээ оруулах нэн чухал хөрөнгө оруулалт болох юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан гуайн хэлсэнчлэн “Сурахад эртдэх, оройтох гэх цаг хугацаа үгүй” тул цаг ямагт өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө өөдрөг тэмүүлэл, өөртөө итгэлтэйгээр бүрэн төгс суралцахын төлөө хичээх болно. Энэтхэгийн их сургуульд тууштай суралцаж, төгссөнийхөө дараа хүссэн мэргэжил, сонирхсон чиглэлээрээ амжилттай ажиллахыг зорьж байна. Энэ нь миний амьдралд олон эерэг өөрчлөлт, чухал үр дүнгүүдийг авчрах бөгөөд нэн тэргүүнд баталгаат ажлын байр, үр дүнтэй цаг зарцуулалт, өсөн дэвжих шинэ боломж, өндөр технологийг эзэмших улмаар гарааны бизнесээ эхлүүлэх суурь болно хэмээн сэтгэж байна.

Эрчимтэйгээр урагшилж буй дэлхийн хөгжил нь техник технологиор дамжуулан эдийн засгийн түвшингээс үл хамааран бүхий л  улсын иргэдэд адил тэгш хөгжих, ажиллах боломжийг олгож байна. Тэрхүү боломжийн үзүүрээс нь ч атугай атгаж, ирээдүйгээ хүсэл мөрөөдлөөрөө цогцлоох миний сонголт бол Фэйсбүүкийг үндэслэн байгуулагч Марк Цукерберг, Майкрософтыг үүсгэгч Билл Гейтс, Apple компанийг санаачлагч Стив Жобс нар шиг программчилалын тусламжтайгаар амьдралаа, зорилгоо босгох явдал юм. Хэдийгээр би эдгээр алдартнууд шиг дэлхийн хэмжээний бизнесийг бий болгож чадахгүй байж болох ч эх орондоо гарааны бизнесээ эхлүүлж буй залуучуудад бизнесээ өргөжүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд гарахад нь программчлал, техник технологийн дэвшлийг ашиглан тус дөхөм үзүүлэх, бизнесийн үйл ажиллагааг цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, хурдан, шуурхай, хүртээмжтэй байлгахуйц, хэлбэрт шилжүүлэн үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбох орчин үеийн гүүр компанийг үүсгэх томоохон зорилго мөн миний дотор өвөртлөгдөн буй. Үүнийг хэрэгжүүлснээр миний хувьд монголын төдийгүй олон улсын зах зээлд буй боломжуудыг олж харах, илүү том төсөл хөтөлбөрүүдэд оролцох, цаашлаад энэ чиглэлд улам мэргэших, дэлхийн шилдэг их дээд сургуульд мэргэжлийн зэргээ дээшлүүлж, салбартаа тэргүүлж буй олон улсын томоохон технологийн компани болон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах үүд хаалгыг нээж өгнө хэмээн харж байна.

Суралцсан чиглэлээрээ чадварлаг ажиллаж чадваас энэ миний эх орон, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг юм. Тиймээс эх орныхоо хөгжил дэвшилд багахан ч атугай хувь нэмэр оруулахын төлөө өөрийн чаддаг мэддэг бүхнээ зориулсан сайн мэргэжилтэн болох эрхэм зорилго ирээдүй рүү намайг гэрэл гэгээтэйгээр хөтөлж байна. Хүссэндээ хүрэх боломж, мянган хаалга, түмэн үүд миний өмнө нээлттэй. Гагцхүү тэр үүдийг нээх түлхүүр нь миний зүрхэн дэх мөрөөдлийн оч, зорилгын гал гэдэгт би бүрэнтээ үнэмшдэг. Амьдралыг би бэрхшээл биш, харин боломж гэсэн нүдээр харахыг хичээдэг. Учир нь амьдрал бол хязгаар нь үл мэдэгдэх аз жаргалын далай. Энэ их далайд хэн их хичээнэ, түүнд аз жаргал хичээснийх нь хэрээр ирнэ гэдэгт би итгэдэг. 

 

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *