Хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том сонголтуудын нэг бол мэргэжил сонголт. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөлт эхэлсэн энэ үед мэргэжлээ зөв сонгох нь амьдралдаа хийж буй хамгийн чухал алхам билээ.

МЭРГЭЖИЛ СОНГОХДАА ДАРААХЬ 3 АСУУЛТЫГ ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ

1.Би энэ зүйлд үнэхээр дуртай, сонирхолтой юу,
2.Би энэ зүйлийг үнэхээр чадах уу,
3.Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу.

Хэрвээ энэ гурван асуултад гурвууланд нь “тийм” гэж хариулж байх юм бол тэр мэргэжил чамд хамгийн сайн тохирох мэргэжил байдаг.
Мэргэжил сонгоход энэ гурван зүйл тулгын гурван чулуу шиг хоршин нийлж байж насан туршдаа бат, бөх, өөртөө итгэлтэй, нийгэмд байр сууриа олсон боловсон хүчин болж, өөрийн амьдралдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байх болно.
Би юу хийвэл хамгийн аз жаргалтай байж чадах вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй.

МЭРГЭЖИЛ СОНГОХДОО ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДААНУУД…

Мэргэжил сонгоход гардаг нийтлэг дутагдалтай зүйлүүдийн нэг бол тухайн хүүхэд мэргэжлээ сонгохдоо зөвхөн гаднах байдал, имижийг нь харж сонгох тохиолдол байдаг.

1. ХАРАГДАХ БАЙДАЛД ДУРЛАХ. “Эмч болох үнэхээр сайхан. Өндөр сайхан биетэй, цагаан халаад өмсөөд л биеэ сайхан авч явдаг, хүмүүст тусалдаг. Тийм болохоор би эмч болно” гээд сонгочихдог. Гэтэл харагдах байдлаас гадна эмч болохын тулд оюуны, сэтгэл зүйн маш олон шалгуурыг давах ёстой гэдгийг тооцож үздэггүй. Эсвэл онгоцны үйлчлэгч, нисгэгч болно гээд л. Зарим тохиолдолд харагдах байдлаас гадна тухайн мэргэжлийнхээ нэрэнд болоод сонгочихдог. Маркетингийн менежер гэхээр л гадаад нэр бодогдоод л сонгох жишээтэй. Ингэж сонгосон мэргэжил олон талын сөрөг зүйлүүдийг дагуулдаг.

2. ЭЦЭГ ЭХИЙН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ. Эцэг эхийн зүгээс өөрийнхөө сонголтоо хүүхдэдээ тулгаад байдаг. Гэтэл таны сонголт бол хүүхдийн сонголт биш гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Аав, ээжүүд бол өөрийнхөө хийж чадаагүй зүйл, гүйцэлдээгүй хүслээ хүүхдээр гүйцэлдүүлж хийлгэх гээд байдаг. Энэ нь хүүхдэд маш их ачаалал болж, мэргэжлээ буруу сонгоход нөлөөлж байдаг.

3. ЭЕШ ОНООНД СУУРИЛАХ. Мэргэжил сонголтын талаар маш сайн ярилцаж, эртнээс төлөвлөж байх хэрэгтэй. Гэтэл манайд гардаг нийтлэг алдаа нь ихэнх хүүхэд мэргэжлээ элсэлтийн шалгалт эхлэхээр оноогоо харж байгаад сонгодог.

4. ТУЛГАЛТ. Тулгаж байгаад хүсээгүй, дургүй мэргэжлээ сонгочихдог. Ямар мэргэжилтэй хүн болох вэ гэдгээ ахлах сургуульд орохдоо сонгочихсон, сэтгэлзүйн болон бие мах бодь, оюун санааны хувьд бэлтгэлтэй байх ёстой. Эртнээс бэлдээгүй, мэргэжлээ тулгаж сонгож байгаа нь тухайн хүүхэд хэр зорилготой, мөрөөдөлтэй хүүхэд вэ гэдэг нь харагддаг.

5. СЭТГЭЛЗҮЙДЭЭ ТААРУУЛЖ МЭРГЭЖИЛ СОНГОХ. Өөрийнхөө сэтгэлзүйд тохирсон мэргэжлээ сонгох хэрэгтэй. Хүчний байгууллагад ажиллаж байгаа хүн тууштай, зүтгэлтэй ,шаргуу, илүү их тэвчээртэй байх хэрэгтэй. Багш болох гэж байгаа хүүхдүүд асуудалд их нээлттэй ханддаг, бусдыг сайн сонсож чаддаг, өөрийгөө бусдад маш сайн ойлгуулж чаддаг. Инженер хүний хувьд гэхэд аливаа зүйлд дүн шинжилгээ сайн хийдэг, тогвортой удаан хугацаагаар суух чадвартай байх зэргээр мэргэжил бүр тухайн хувь хүний сэтгэлзүйд тохирсон шалгуур үзүүлэлттэй байдаг. Өөрийнхөө сэтгэлзүйн онцлог, давуу талыг сайн шалгаж үзэх ёстой. Миний давуу тал энэ мэргэжил дээр яаж гарч болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлзүйн эсрэг мэргэжлийг сонгочихоор дундаас нь шантрах, буцах тохиолдол их гардаг.

МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХ 4 АРГА

Өөрийгөө тань

Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй хүүхдийн эцэг эх нь хүүхдээ юунд сонирхолтой, ямар зан төрхтэй гэх мэтээр таньж мэдэх нь чухал. Гэхдээ үүнээс илүү тухайн хүүхэд өөрөө өөрийгөө таньж мэдэх нь хамгийн гол асуудал юм. Өөрийн юунд дуртай, юу хийж чадах, юу сонирхдог зэрэг өөрт хамгийн ойр байгаа шинжээ ажиглан харах хэрэгтэй. Мөн өөрийн зан төлөвөө тодорхойлоорой.

Зорилгоо тодорхойл

Өөрийн дотоод сэтгэлээ сонсч, ирээдүйд хэн болох, хэнд үйлчилж, хэрхэн амьдрахаа сайтар тунгааж ирээдүйн амьдралынхаа зорилгыг тодорхой болгох хэрэгтэй.

Мэргэжлээ судал

Хүн ажлынхаа цалингийн хэмжээнд анхаарч ажиллахаас илүү өөрийн сонирхолтой, хүссэн ажлаа хийх нь илүү амжилтад хүргэдэг. Ер нь аз жаргал бол мэргэжлээ зөв сонгосонтой холбоотой байдаг. Тиймээс тухайн мэргэжилдээ эзэн нь болж, тууштай ажиллаж чадах эсэхдээ анхаар. Тухайн мэргэжлийг эзэмшээ хэн болох, ямар нөхцөл байдалд, хэр хугацаанд, хэрхэн ажиллах, зэргээр мэргэжлээ нарийн судлах хэрэгтэй. Боломжтой бол сонирхож буй мэргэжлийнхээ орчинтой танилц.

Ярилц

Мэргэжлээ солиод байвал төөрөгдөлд орно. Харин зөв сонголт хийснээр суралцах хугацаанд асуудал гардаггүй. Иймд мэргэжлээ сонгохын тулд шийдвэр гаргахад бодитоор тусалж чадах хүмүүстэй ярилцаарай. Гэхдээ эцэх эх, хүүхэдтэйгээ ярилцахдаа аль нэг мэргэжлийг тулган шаардаж болохгүйг анхаарах хэрэгтэй. Ингээд мэргэжлээ сонгосны дараа сургуулиа сонгох нь зүйтэй.

singlepost-ic By admin Category: БЛОГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *